Tuesday, November 15, 2016

Блог хөтлөх зөвлөмж 2

Агуулга
Хичнээн сайхан загвар, үзэмжтэй ч олигтой агуулгагүй бол зочид чинь эргэж орохгүй.
  1. Ямар сэдвээр бичих. Энэ маш чухал. Нийтлэл бүрээ төгс бичихийг хичээгээрэй. Энэ нь мэдээж төвөгтэй. Иймээс өөрийн хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлдээ тулгуурлаж болох юм.
  2. Хэтэрхий олон төрлийн сэдвээр бичих гэж хүчээ бүү тарамдуул. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордогтой л адил.
  3. Бусдыг дагаж хошуурах хэрэг байна уу? Блог чинь бусдынхаас ялгарч байж л интернэт гэгч хязгааргүй ертөнцөд өөрийн орон зайг тогтооно. Жишээлэхэд, нэг хэсэг варез блог ба веб сайтууд борооны дараах мөөг шиг олширсоноос одоо тоотой хэд нь л үлджээ. Харин сүүлийн үед нийгмийн чиглэлээр их бичдэг болсон мэт анзаарагдана. Учир нь ийм блог, веб сайтууд руу хүмүүс ч ихээр хандах болсон. Шалтгаан нь төр засгийн эрх барьж байгаа бүлэглэлүүд ард түмний дуу хоолойг телевиз, радио, сонин гээд ихэнх чиглэлд бараг бүрэн хаасанд оршино гэж үзэж байна. Саяхнаас "түр журам" гээчийг батлан гаргаж интернэт дэх үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хязгаарласан тул нийгмийн сэдвээр блог бичих нь хэр ирээдүйтэй бол? /хожим энэ талаар өөрийн үзэл бодлоо та бүгдтэй хуваалцах болно/
  4. Нийтлэлүүд чинь эсвэл сонирхолтой, шуугиан тарихуйц эсвэл хэрэгцээтэй, ач холбогдолтой байх хэрэгтэй.
  5. Гарчгаа оновчтой өгөх. Нийтлэлийн утга агуулгыг илэрхийлсэн эсвэл хүний сонирхлыг татахуйц гарчиг өг.
  6. Өөрийн үзэл бодлоо тусгасан байх. Уншигчдад чиний үзэл бодол хэзээд сонирхолтой байна.
  7. Товч бөгөөд тодорхой байх. Уншигчид залхуу учраас хэт урт нуршуу нийтлэлийг хэзээ ч уншихгүй.
  8. Мэдээллийг бүрэн өгөх. Жишээлбэл, орчуулгын мэдээний хувьд эхний хэсгийг бичээд үлдсэн хэсгийг тухайн сайтаас уншаарай гээд орхих нь уншигчдад огт таалагддаггүй.
  9. Үгийн алдаа, найруулгандаа анхаарах. Хэл найруулгаар чинь чамайг дүгнэх болно.
  10. Зураг, видео зэргээр баяжуулах. Зураггүй мэдээллийг нэг их хайхардаггүй.
  11. Тогтмол үетэйгээр байнга шинэчлэх. Хэдэн долоо хоног, сараар хаяснаа гэнэт бөөн нийтлэлээр бөмбөгдөх нь том алдаа. Шинэчлэгдээгүй удсан блогийг уншигчид тэр чигт нь мартаж орхидог бол гэнэт нийтлэгдсэн бөөн нийтлэлүүдийг тогтож уншдаггүй. Иймээс нийтлэгдэх хугацаа зэргийг тохируулан хадгалж болно.
  12. Хуучин нийтлэлүүдээ зөнд нь хаяж болохгүй. Засч, шинэчлэж л байгаарай. Тэднийг ч бас хүмүүс уншиж л байдаг. Дашрамд хэлэхэд би энэ нийтлэлээ хоёр дахиа засч нэлээд олон зүйлийг нэмж бичиж байна.
Агуулгын тал дээр аль болох бүтээлчээр хандаж, бусдыг бүү хуулбарлаарай.

АХБ3а ангийн оюутнуудын анхааралд


Блог хөтлөх зөвлөмж

1. Юуны өмнө блогтоо өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй. Таны блогт нэвтэрч байгаа хүмүүс чухам хэний ертөнцд орж байгаагаа мэдэх аваас танд илүү итгэлтэй болж, таны блогт тэр хэрээр олон нэвтэрч, таньтай өөрийхээ үзэл бодлоо нээлттэй хуваалцах болно.
2. Өөрийн блогтоо хамгийн сайн холбоосуудыг байрлуулах хэрэгтэй. Блогчдын болон зарим сонирхолтой веб сайтууд хүмүүсийн сонирхлын илүү татах болно. Иймд сайн, тэгээд ашигтай холбоосуудын сүлжээг үүсгэ.
3. Блогийнхоо бүтэц дээр анхаарал хандуул. Юуны өмнө өөрийн бичлэгүүдээсээ 6-10 бичлэгийг блогийнхоо нүүр хуудсан дээр харагдаж байхаар байрлуул. Мөн Tag cloud-гийг ашигла. Таны блогт нэвтэрч байгаа хүмүүст таны шилдэг бичлэгүүдийг төвөггүйхэн олоход туслана.
4. Мэдээж таны бичлэгийн стиль чухал үүрэгтэй. Иймд өөрт тохирсон онцлог бичлэгийн хэлбэрийг сонгох хэрэгтэй. Таны блог блог уншигчдад бусдаас содон, өвөрмөц мэдрэмж төрүүлж чадвал та амжилт оллоо гэсэн үг.
5. Гэхдээ блогийн бас нэгэн чухал зүйл бол тогтмол бичлэг. Бид блогийг өөрсдийн ажил хичээлийнхээ заваар бичдэг болохоор хүндрэлтэй тал их л байх нь тодорхой. Гэхдээ та нэгэнт өөрийн гэсэн блогийг нээж түүгээрээ бусдад мэдээлэл хүргэхээр шийдсэн бол өдөр тутам биш ч долоо хоногт тогтмол 3-2 бичлэг оруулж байх хэрэгтэй юм. Энэ нь мэдээж таны блогийн тогтмол уншигчдын хүрээг бий болгоно.